SECAPSECURITIES

Mongolian Stock Exchange Top-20 index

БАНКИНД МӨНГӨӨ ХАДГАЛУУЛСНААС БОНД ХУДАЛДАЖ АВАХ НЬ АШИГТАЙ БОЛЖЭЭ

1baba83f70b82add7587c364464c0d600270fca4

Засгийн газрын бондыг худалдаж аваад мөнгөө өсгөх боломж иргэдэд нээгдсэн байна. Хэчнээн хувийн хүүтэй вэ?
Хүү нь өндөр 16-18 хувийн хүүтэй.

Банкны хадгаламжийн хүүнээс өндөр юм байна. Яагаад ийм өндөр хүүтэй байгаа юм бол?
Засгийн газрын бондыг өмнө нь иргэд авч байгаагүй. Гурав, дөрөвхөн банк энэ бондын арилжаанд ордог байсан. Эдгээр банкнууд л үнэ өгч Засгийн газрын бондын хүүг тогтоодог байсан гэсэн үг. Цаашдаа засахгүй бол эрсдэлтэй, буруу зүйл л дээ. Хэдхэн банк арилжаанд оролцохоор хүүг нь өөрсдөдөө ашигтайгаар тогтоох нь тодорхой. Тийм ч учраас Засгийн газрын үнэт цаасны хүү түүхэнд байгаагүйгээр өндөр төвшинд хүрсэн. Ялангуяа энэ жил. Өнгөрсөн оны 5,6 дугаар сард Засгийн газрын бондын нэг жилтэй үнэт цаасны хүү есөн хувьтай байсан. Өнгөрсөн наадмаар өчнөөн сум, аймгийн ой болсон. Хотод бараг хүн байгаагүй. Тэр үеэр Засгийн газрын үнэт цаасны арилжаанд өнөө хэдэн банк ордгоороо орсон. Тэгээд хоёр, гуравхан сарын дотор хүүг 16% хүргэчихсэн юм. Мэдээж өөрсдөд нь ашигтай учраас л тэр л дээ.

Хүү нь өндөр байхын сөрөг тал гэж байх уу?
ЗГҮЦаас гэдэг бол аль ч улсын хувьд хөрөнгийн зах зээлийнх нь суурь бүтээгдэхүүн. Тухайн эдийн засгийнхаа суурь хүүг тодорхойлж өгдөг. Суурь хүү гэдгийг энгийнээр тайлбарлавал тухайн улсад санхүүжилт босголоо гэхэд хэчнээн хувийн хүүтэйгээр босгох вэ гэдгийг тодорхойлдог зүйл дээ.
Засгийн газрын бонд хамгийн эрсдэлгүй найдвартай гэдэг утгаараа ийм нөлөөтэй байдаг. Тэр ч утгаараа аль ч улсын хувьд Засгийн газрын үнэт цаасны арилжаа өрсөлдөөн ихтэй өрнөдөг. Эрэлт нийлүүлэлтийн өрсөлдөөн дээр үндэслэгдэж хүү нь тогтдог.
ЗГҮЦаасны хүү 16% хүрнэ гэдэг бол Монголд санхүүжилт босгох хамгийн бага хүү 16 % байна гэсэн үг. Нийслэлд бонд гаргая гэж бодъё. Улсаасаа илүү эрсдэлтэй учраас хоёр, гуравхан хувийн хүү нэмэгдэж 19%-иар бонд гаргахаас аргагүй нөхцөл үүссэн гэж ойлгож болно. Аж ахуйн нэгжүүд нийслэлээс эрсдэлтэй учраас 19-өөс их, 20 гаруй хувийн хүүтэйгээр санхүүжилт босгохоос аргагүй. Жижиг дунд аж ахуйн нэгжүүд бүр хэцүү. 30-40 хувийн хүүтэйгээр санхүүжилт босгохоор болчхож байгаа юм. Хэдхэн банк санхүүжилт босгох нийт зардлыг ингэж өсгөөд байсан гэсэн үг.

Тэгэхээр иргэдийн худалдан авч байгаа Засгийн газрын бондын хүү бодитой биш учраас яваандаа буурна гэсэн үг үү?
ЗГҮЦ-ны хүү одоохондоо арилжааны банкны хадгаламжаас өндөр ч гэлээ цаашдаа буурна. Арилжааг нь ил тод болгож, өрсөлдөөнийг нэмчихлээр бодит хүү тогтоно.

Хүү нь өндөр байгаа дээр ЗГ-ын бондыг худалдан авч мөнгөө өсгөмөөр л юм байна?
Тийм шүү, ЗГҮЦ-ны хүү өндөр байгаа дээр иргэд, аж ахуйн нэгж энэ боломжийг ашиглаад авах ёстой. 100 төгрөгийн бонд авлаа гэхэд жилийн дараа 118 төгрөг болно гэсэн үг.

Иргэдэд энэ бонд арилжаалъя гэсэн саналыг танайхаас гарсан уу?
Засгийн газрын үнэт цаас Үнэт цаасны хуулиар зохицуулагддаг. Энэ бүтээгдэхүүнийг зөвхөн зах зээл дээр зарах ёстой. Олон нийтэд ил тод өрсөлдөөний зарчмаар зарах ёстой гэсэн үг. Ийм бүтээгдэхүүнийг хэдхэн банкны дунд зараад яваад байсан юм. Санаачлалыг нь манайхаас гаргасан. Өнгөрсөн оны 7 дугаар сард Сангийн яаманд асуудлаа тавьсан. тэгээд 11 дүгээр сарын 1-нээс олон нийтэд арилжаалж эхэлсэн. Засгийн газрын үнэт цаасны арилжаа хөрөнгийн биржээр орж ирэхгүй бол хувьцааны арилжаа байхгүй, дампуурчих гээд байсан л даа.
Гэхдээ хөрөнгийн биржийн дампуурах, дампуурахгүй гол асуудал биш. Гол асуудал нь хуулиар олон нийтэд ил арилжаалагдах ёстой бүтээгдэхүүн маань хаалттай хүрээнд, ямар ч мэдээлэлгүйгээр арилжаалагддаг байсан юм.

ЗГҮЦ-ыг арилжаалж эхлээд 2 сар болчихлоо. Энэ хугацаанд иргэд компаниуд хэчнээн төгрөгөөр бонд худалдан авсан бэ?
Өнөөдрийг хүртэл 50 орчим тэрбум төгрөгийн үнэт цаас зарагдаад байна.

Бондыг хүссэн хүн бүр худалдаж авах боломжтой юу?
Нэг ширхэг нь зуун мянган төгрөгийн үнэлгээтэй болохоор хүссэн хүн бүр худалдан авах боломжтой. Монгол Улсын болон гадаадын аль ч иргэн, аж ахуйн нэгж хөрөнгө оруулагч худалдан авч болно. Засгийн газар арав гаруй жил бонд зарж байгаа. Төсвийн алдагдлыг улирлын шинж чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх гэх мэт хоёр гурван зорилгоор жил бүр гаргадаг юм.
Одоогийн байдлаар 100 гаруй хөрөнгө оруулагч бонд худалдан авчхаад байна.
Зөвхөн дотоодын хөрөнгө оруулагчид. Энэ бол маш нааштай үзэгдэл. Засгийн газрын үнэт цаас дөрөвхөн банкны хооронд эргэлддэг байсан бол өнөөдөр зуун этгээдийн хооронд эргэлддэг боллоо.

Хөрөнгийн зах зээлд оролцогчид эрс нэмэгджээ дээ?
Тэгсэн. Хөрөнгийн зах зээлд итгэл үнэмшил маш муу байдаг. Анод, Зоос банкны дампуурал, Лондонгийн хөрөнгийн биржтэй эхлүүлсэн хамтын ажиллагаа хэрэгжиж чадаагүй гэх зэрэг шалтгаан итгэлцэл муудахад нөлөөлсөн л дөө. Дотоодын хөрөнгө хөрөнгийн биржээс зугтсан байсан. Хөрөнгө оруулагчдаа эргэж татахын тулд Хөрөнгийн бирж дээр эрсдэлгүй бүтээгдэхүүн байх ёстой. Тэр нь Засгийн газрын үнэт цаас. Хоёр сар хагасын хугацаанд 50 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийнэ гэдэг нь өдөрт дунджаар тэрбум төгрөгийн арилжаа явагддаг гэсэн үг.

Хөрөнгийн биржийн арилжаа өмнө нь өдөрт хэчнээн төгрөгийн хооронд эргэлддэг байсан бэ?
5,10 сая төгрөгийн хооронд эргэлддэг байсан. Хувьцаагаар дээд талдаа 20, 30 сая төгрөгийн арилжаа хийдэг байсан юм. Өнөөдөр мөнгө өсгөх нэг гол арга бол хадгаламж байгаа. Хадгаламжийн хувьд 20 сая төгрөгөөс дооших нь даатгалтай. Хорин сая төгрөгөөс дээш бол эрсдэлтэй болоод явчхаж байгаа юм. Тэгэхээр сул байгаа мөнгө эргэлдүүлэх хамгийн том боломж ЗГ бонд болоод байна л даа.

Ямар ч эрсдэлгүй гэдэг нь засгийн газрын бондын хамгийн том давуу тал юм байна. Өөр ямар давуу тал байна?
Нэгдүгээрт хугацаа нь богино. Гурав, зургаан сар, нэг жилийн хугацаатай. Өчигдрөөс хоёр дахь зах зээл нь нээгдлээ. Гурван сарын хугацаатай бонд худалдаж авлаа гэхэд заавал гурван сар хадгалах албагүй болчхож байгаа юм. Долоо хоног юм уу, хоёр сар болоод зарах эрхтэй гэсэн үг. Хүүг нь аваад зарна. Өөрөөр хэлбэл хүү нь өдөр тутам бодогдоод явчих юм. Гэтэл банкны хадгаламж тэгдэггүй. Жилийн хадгаламж нээлгээд хугацаанаас нь өмнө мөнгөө авчихвал хүү нь хүчингүй болдог. Засгийн газрын үнэт цаасыг аливаа нэг төлбөрийн баталгаа, тендерийн баталгаа болгож ашиглах боломжтой. Аж ахуйн нэгжүүд төрөөс зарлаж байгаа тендерт ороход тендерийн баталгаа гэж нэхдэг дээ. Компаниуд тендерийн нийт үнийн дүнгийн 2-3 хувьтай тэнцэхүйц мөнгийг банканд хүүгүй байршуулдаг. Тодруулж хэлбэл 100 тэрбум төгрөгийн тендерт орсон хүн 2-3 тэрбум төгрөгийг ямар ч хүүгүйгээр арилжааны банканд 5-6 сар байлгадаг. Хөрөнгийн биржээр дамжуулж Засгийн газрын үнэт цаас худалдаж авсан бол үнэт цаасаа барьцаалах боломжтой. Мөн Засгийн газрын үнэт цаас худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьд хоорондоо бэлэглэх шилжүүлэх боломж бий. Өөр нэг давуу тал гэвэл Засгийн газрын үнэт цаасны хүү татвараас зуун хувь чөлөөлөгддөг.

Үнэт цаас худалдан авч мөнгөө өсгөе гэсэн хүн хаана хандах ёстой вэ?
Хөрөнгийн биржийн гишүүн брокер дилерийн 62 компани бий. Манай биржийн веб сайтаас хаягийг нь хараад аль нэгийг нь сонгох хэрэгтэй. Брокероо сонгоод үнэт цаасны данс нээлгэнэ. Дансандаа мөнгөө байршуулаад долоо хоног бүрийн мягмар гариг бүр болж байгаа анхдагч зах зээлийн арилжаанд оролцоно. Хоёр дахь зах зээлийн арилжаа өдөр бүр болж байгаа. Одоогоор ирсэн санал бүрийг биелүүлж байгаа. Худалдаж авъя гэж хүссэн хүн бүр бонд авч байгаа гэсэн үг.

Засгийн газрын бондын төлбөрийг төсвөөс хийдэг. Төсөв хэцүүхэн байгаа энэ үед эргэн төлөх процесст ямар нэг асуудал гарна гэж байх уу?
Тэр талаасаа ямар ч эрсдэлгүй. Төсвөөс тэргүүн ээлжид санхүүжигддэг зүйл. Төрийн албан хаагчдын цалингийн өмнө тавигддаг. Ерөнхийлөгч, ерөнхий сайдын цалинг тавихаас өмнө улс бондын төлбөрөө төлдөг. Аль ч улс тэгдэг л дээ. Иргэд аж ахуйн нэгжийн хувьд үнэт цаасны дансаараа төлбөрөө авчихна.

Өмнө нь үнэт цаасны арилжаанд идэвхтэй оролцдог улс Засгийн газрын бондын арилжаанд түлхүү оролцоод байна уу?
Тэгж байна. Арай илүү мэдээлэлтэй, үнэт цаасны дансаа нэгэнт нээлгэчихсэн хүмүүс их оролцож байна.

Хамгийн бага, хамгийн ихдээ хэчнээн төгрөгөөр бонд худалдаж авч байна?
Доод тал нь нэг, хоёр ширхгээр авсан хүмүүс байгаа. Арван таван тэрбум төгрөгөөр авсан хүн ч байна. Нэг ширхэг нь 100 мянган төгрөг гэхээр хэн ч худалдаж авч болно. Нэг удаадаа данс нээлгэхэд 5000 төгрөг төлдөг байх. Шимтгэл нь тун бага. Хэдэн зуун төгрөг л төлөх байх.

Эх сурвалж: Өдрийн сонин, Ц.Баасансүрэн